Friday, December 21, 2012

Мөнгө баялаг гэж үү?

Мөнгө байхгүй байсан ч бид байгал эхийн газар дээрх арвин их баялагийг өөр өөрсдийн шанаганы хэмжээгээр эрх тэгшээр хуваан амьдрах боломжтой.

Амьдралаа арай утгатай болгож мөнгө, ашгийг тойрон эргэлдэхгүйгээр арай өөрөөр яаж амьдрах вэ?

Зүгээр л мөнгөний төлөө улайрсан бүгдээс хол байж, хэт их төвлөрсөн бүгдээс татгалзахад болно.

Өөрийнхөө байгаа газарт нэр хүндтэй жижиг компаниудын үйлдвэрлэсэн органик, байгалын гаралтай бүтээгдэхүүнийг сонгоно уу. Та өөрөө хүнсээ ургуулдаг бол бүүр ч сайн. Том том корпорациуд байгалыг ч бодохгүй, хүнийг ч бодохгүй, мөнгө л боддог. Систем томорч төвлөрөх тусам хяналтнаас гарч, гарах сөрөг үр дагавар нь ч бас засаж болшгүй том болдог.

Олонд танигдаж баталгаажсан компаний байгалын гаралтай эмчилгээний аргыг аль болох сонгоно уу. Химийн, синтезийн аргаар гаргаж авсан эмнээс аль болох татгалзах боломжтой. Эмийн үйлдвэр, компаниуд бусад бизнесийн л адил таны эрүүл мэндэд биш, мөнгөнд илүү сонирхолтой байдаг.

Хэнээс ч хамааралгүй, хэний ч захиалгагүй жинхэнэ мэдээ мэдээллийг интернэтээс сонгож үзэж болно. Харин ашиг, мөнгөний төлөө үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс татгалзах сонголт танд бий. Мөнгийг үнэ цэнэтэй гэсэн мессэж тараахад тэд хамгийн гол үүрэгтэй оролцдог.

Зөвхөн өөрийн дуртай зүйлийг хийж, хүсэл мөрөөдлөө даган ганц олдох амьдралаа утгатай, учиртай болгох аргыг сонгоно уу. Мөнгөний төлөө, газрын тосны төлөө, газар доорх баялгийн төлөө дайн хийдэг, хүмүүсийг хагаралдуулж хонжоо гаргадаг, хэт их төвлөрөлийг гартаа оруулсан байгууллагуудаас аль болох холуур явж, тэдний төлөө ажил хөдөлмөр хийхээс татгалзах боломж хэзээд бий.

Нар, салхи, ус гээд энерги, эрчим хүчний арай өөр эх үүсвэрийг сонгоно уу. Дуу чимээ багатай байх тусмаа төхөөрөмж цэвэр байдаг. Машины оронд дугуй, болж өгвөл алхаж байхад эрүүл мэндэд тустайг хэн ч мэднэ. Нүүрсний, атомын гээд бохир энергийн эх үүсвэрүүдээр ажиллах төвлөрсөн системээс татгалзах боломжтой. Төвлөрөл томрох тусам хяналтаас гардаг.

Үнэн зүрхнээсээ эх дэлхийдээ оруулах таны хувь нэмэр юу вэ? Чин сэтгэлээсээ бүтээж чадах дуртай зүйл тань юу бол? Тэр зүйлээ хийж байгаа бол та дэлхийгээ өөрийнхөө ертөнцөөр өөрчилж байна.

Таны бодол, хүсэл, мөрөөдлийг хязгаарладаг хоцрогдсон үзэлүүдийг зүгээр битгий тоо. Магадгүй танд одоо цоо шинэ хүсэл төрж байгаа ч юм билүү. Тэр хүслээ л дагаж, түүндээ анхаарлаа хандуулж хийсэн бүхэн алдаа ч байсан амттай. Яагаад гэвэл таны өмнөөс ямар нэгэн мөнгөний сонирхолтой корпораци шийдээгүй, та өөрөө сонгосон, таных учраас. Манай дэлхийн арвин, элбэг дэлбэг баялаг, газрын шим хүн бүхэнд хүрэлцээтэй. Мөнгө биш газрын шимийг дээдэлж амьдрая.

Энэ нийтлэлийг уншаад магадгүй таны итгэл үнэмшилийн хоцрогдсон хэсэгт update хийгдсэн гэж найдья.

No comments:

Post a Comment

UA-46879708-1