Tuesday, December 17, 2013

"Пиавар" шанага

Наадам болж энд тэндгүй айраг сэнгэнээд сайхан цаг. Зуны халуун өдөр айраг авч уух гээд дөхөж очиход урд нь ямар бодис хадгалж байсан нь үл мэдэгдэх зузаан хуванцар торхон дотроос мөн л хуванцар буюу "пиавар" шанагаар аягалахыг харахад л нөгөө сайхан айраг маань нүдний өмнө маш том "?"-тэй шингэн бодис болж хувирлаа.

Ойрд уулзаагүй хамаатныхаараа ороод гарлаа. Пиавар саванд талх, чихэр хийж, пиавар халуун савнаас цай аягалж, пиавар жигнүүрэн дээр бууз жигнэж өгөх юм. Хүүхдэдээ бас пиавар жижиг аяганд хоол хийж өгсөн байна. "Халуун савныхаа ядаж тагийг нь үйсэн бөглөөгөөр солиод, модон юмуу ган жигнүүр аваад, бас хүүхдэдээ битгий пиавар аяганд хоол өгч байгаарай. " гэж зөвлөлөө.

Ажлын газар дээр хүмүүс пиавар ус буцалгагчид ус буцалгаж уух юм, бас нэг удаагийн пиавар халбагаар тэр усандаа сахар хийж кофе найруулж уугаад байх юмаа. Пиавран эдлэлд халуун хоол, цай битгий хийж уугаачээ, пиавран халбага, сэрээ битгий хэрэглээч гэж аль болох ойлгуулахыг хичээж хэлэх л юм.

Монгол ахуй, зан заншил харуулсан нэвтрүүлгүүд зөндөө гардаг болжээ. "Ямар гоё юм бэ?" гээд үзээд л явж байтал нөгөө гал дээр буцлаж байгаа тогоо дүүрэн сүүтэй цай, хөөрүүлж байгаа сүүгээ өнгө өнгийн пиавран шанагаар самарч гарах юмааа! Бүр хайлтал нь самрах юм. 

Өдөр бүр компьютерийн гар, хулгана, утас, зуны углааш, шүршүүрийн хөшиг, үзэг бал, CD/DVD гээд тоо томшгүй олон замаар хуванцар эдлэл тодорхой температур хүртэл халаалт авч бидний биед нэвчин орж байдаг ч хамгийн аюултай нь хоол, хүнс хийдэг аяга, саваар дамжин биед шууд орох юм.


BPA (BPS ... BPx), PCB, Phthalates зэрэг химийн бодисууд нь бүгд хуванцар, хулдаасан, гялгар материалаар хийсэн сав, уут, бүрээс зэрэг бүтээгдэхүүн хийхэд ордог. Эдгээр нь бүхий л хүний биед байдаг эстроген буюу эмэгтэй гормоныг дууриадаг аюултай. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хүний биед орсон хойноо эстрогений очих газар түрүүлж очсон бол эстрогений оронд нь орж байрыг нь эзлэж авдаг ба ингэснээр хүний биеийн гормоны тэнцвэр алдагдаж эрэгтэй хүн илүү эмэгтэйлэг шинжтэй болж "хөх" ургах, харин эмэгтэй хүн хөхний хорт хавдар гэх мэт аюулт өвчин тусах магадлал өндөрсдөг байна. Гормон дууриана гэдэг нь яаж ч бодсон маш аюултай ба таны бие доторх үйл ажиллагааг зохицуулах ёстой гормоны оронд хуванцар урсана гээд төсөөлөхөд л ямар хөнөөлтэй нь ойлгомжтой. Одоо эдгээр бодисуудыг нэг нэгээр авч үзье:

BPA /Бий-Пий-Эй/ (Bisphenol-A): гэдэг нь хүний биед ороод гормоныг дууриадаг, эндокриний системийн (бамбай булчирхай) үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд маш олон төрлийн хуванцар сав, бүтээгдэхүүн хийхэд ашигладаг химийн бодис юм. Энэ нь хоёр фенолын химийн бүлэгтэй өнгөгүй, хатуу химийн нэгдэл ба хуванцар хийхэд ордог поликарбонат полимер, эпоксидийн резин хийхэд өргөнөөр ашиглагддаг. Өндөр юмуу тодорхой температурт халахаараа хүний бие уруу, үүгээр хийсэн саванд удаан хугацаагаар хадгалахад хоол хүнс уруу нэвчиж ордог. Ингэж арьсаар юмуу хоол хүнсээр дамжин хүний биед нэвчиж орох юм бол эстрогентэй андуурагддаг ба эстрогений оронд нь очиж байрыг нь эзлэснээр гормоны тэнцвэрийг алдагдуулдаг. Энэ бодис орсон бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээнд ихээр нэвтэрсэн нь зүрх судас, мэдрэлийн өвчин, хорт хавдар, чихрийн шижин, нөхөн үржихүйн асуудлууд ихэссэнтэй уялдаатай байх өндөр магадлалтай байна. BPA нь өдөр тутмын хэрэглээнд ингэж өргөнөөр нэвтэрсэн болохоор гэр доторх тоос/ агаарт агуулагддаг ба улмаар хүний биед амьсгалын замаар мөн орж хуримтлагддаг. Хуримтлагддаг гэдэг нь хүний биед орчихоод хэмжээ нь удаан хугацааны туршид улам л нэмэгдсээр байдаг гэсэн үг.  Европын Холбоо болон Канадад үүнийг тодорхой төрлийн хүүхдийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдагМичиганы их сургуулийн эрдэмтэн судлаачид 6 хүртэлх сартай 50 ургийн элгийг судлахад BPA их хэмжээгээр хуримтлагдсан болох нь тогтоогдсон ба маш олон судалгаагаар BPA нь эндокриний системийг сүйтгэж, гормон ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг гэж тогтоогоод байгаа.

Жирэмсний 16 дахь долоо хоногтойд цусанд нь их хэмжээний BPA агуулагдаж байгаа жирэмсэн эхийн тээж буй ураг төрөөд эхний зургаан сардаа хөхүүл ханиадаар өвчлөх магадлал хоёр дахин илүү байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Бага насны хүүхдийн биед BPA тодорхой хэмжээгээр орох нь гормоны болон генийн өөрчлөлт өгөх аюултай гэж зарим эрдэмтэд сануулж байна. Энэ нь тухайн хүүхэд ирээдүйдээ хөхний юмуу түрүү булчирхайн хорт хавдар тусах, наснаасаа эрт биеийн хөгжил явагдах, анхаарал сарних, бусад нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямралд өртөх хор уршигтай. BPA болон өөр янзан бүрийн химийн бодисын улмаас 7-10 настай охидуудад хэт эрт бэлгийн бойжилт явагдаж эхэлдэг болсон байна. Гэтэл нэгхэн зууны өмнө энэ нас дунджаар 16 байжээ. Ингэж эрт хөгжиж эхлэх нь гормоны тэнцвэрийг алдагдуулж хөхний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэгЭндокриний ажиллагааг алдагдуулдаг химийн бодисууд нь үр хөврөлийн генийг өөрчилж, хүүхдийн бодисын солилцоог алдагдуулснаар мөн хэт таргалалтад хүргэдэг.  Ийм хүн хэвийн бодисын солилцоотой хүнтэй яг адил хооллож, яг адил дасгал хөдөлгөөн хийхэд нөгөө хүн нь туранхай хэвээр байхад л таргалаад байдаг. Энэ нь цаашлаад хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, даралттай болох зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх хүүхдүүд аль болох BPA агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээх хэрэгтэй байна.

Молекул Фармакологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаагаар судлаач Свандулла бусад эрдэмтэн судлаачидтай хамтран BPA нь хор (хүнд метал зэрэг), зарим хүчтэй эмийн (цусны даралтын болон зүрх хэмнэл алдагдахад уудаг эмүүд) адилаар эсүүдийн кальци зөөхдөө ашигладаг сувгуудийг бөглөдгийг олж мэджээ. Кальцийн ионууд нь нүх мэт “сувгийн уургуудаар дамжин урсаж энзимүүдийн үйл ажиллагаа, булчингийн агшилт (зүрхний булчин ч үүнд орно), болон мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоо харилцаа зэрэг процессуудыг зохицуулдаг. 

Ийм л учираас BPA болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийг тэр чигээр нь зогсоох хэрэгтэй ч ингэж хэрэглээнд хэт их нэвтэрсэн байгаа тул хүний организм, хүрээлэн байгаа орчиноос энэ химийн бодисыг алга болгоход их л удаан хугацаа шаардагдах бололтой гэж Свандулла хэллээ.

Хуванцар саван доторх хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа уруу BPA байнга л нэвчиж шингэж байдаг гэдгийг химичид мэдэх байх. Америкийн Хуванцар Эдлэлийн Зөвлөлөөс гаргасан BPA агуулж болзошгүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад:
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн хүүхдийн угж
хатуу, тунгалаг, заримдаа өнгөтэй байх хуванцар усны сав
хатуу, тунгалаг хуванцараар хийсэн аяга, сав суулга, хоолны хайрцаг сав
хүнсний бүтээгдэхүүн, ундааны лаазны доторх хананд
шүд хорхой идэхээс сэргийлэх түрхлэгүүд, пломбо
электрон төхөөрөмжүүд (гар утас, компьютер), дагалдах хэрэгслүүд (CD/DVD-ний хайрцаг) 
спортын хамгаалах хэрэгслүүд
эмнэлгийн тоног төхөөрөмж
гал намжаах шүршигч 
зэрэг оржээ.


Одоо яах вэ?
Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах. Лаазны доторх хана BPA-ээр бүрхэгдсэн байдаг. Лаазалсан хүнс хэрэглэхээр бол ядаж усаар зайлах.

Хуванцар саванд хоол, хүнс хадгалахгүй байх. Ямар ч төрлийн гялгар уутаар хүнсний ороож, баглаж, гялгар уутанд хүнсний зүйл хийхээс татгалз.

Бэлэн, савалсан хоол хүнснээс татгалзах: Бэлэн, савалсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд хуванцарын химийн бодисууд хэдийнээ нэвчиж орсон байдаг.  BPA нь янз бүрийн ундаа, хүүхдийн угж, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт савалсан хүнсний бүтээгдэхүүнээс тухайн саванд агуулагдаж буй хүнс уруу нь нэвчиж ордог. Хүүхдийг ийм саванд хийсэн юмуу савалсан хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн хямрал үүсгэх аюултай гэж зарим судлаачид сануулж байна.

Савалж баглаагүй, шинэхэн хоол хүнс хэрэглэхэд л цусан дахь BPA-ийн хэмжээ гуравхан өдрийн дотор 90 хүртэлх хувиар буурдаг. АНУ-ын хөхний хорт хавдарын сан болон Сайлент Спринг Институтээс 5 гэр бүл дээр судалгаа явуулж 3 өдрийн турш бүх савалсан хүнсийг хасаж зөвхөн шилэн юмуу ган саванд хадгалсан органик хүнс хэрэглэхийг зааварласан ба судалгааны өмнө, дундуур, дараа нь хэмжиж үзэхэд шээсэн дэх BPA-ийн хэмжээ 3 өдрийн дараа дунджаар 60%-иар буурчээ. Мөн фталэйтийн нэг хэлбэр болох хүнсний баглаа боодолд ордог DEHP бодисыг хэмжихэд дунджаар 50%, хамгийн ихдээ 90% буурсан. Хэдхэн өдрийн хэрэглээнээс татгалзахад ийм өндөр үр дүнд хүрсэн байна.

Хоол хүнсийг хэзээ ч хуванцар саванд хийж бичил долгионы зууханд халааж болохгүй! Бичил долгионы зуух буюу печинд хийгээд шууд халаагаад идэх зориулалттай хоол, хүнсийг ихэвчлэн BPA орсон саванд хийсэн байдаг! Тэгээд ч хуванцар саванд хоол хүнс хийж халаахад мэдээж хэрэг "хайлж" хоол хүнс уруу нэвчиж орно. 

Аль болох биедээ хүрэлцүүлэхгүй байх. Гялгар уут, receipt, мөнгөний дэвсгэрт зэргийг аль болох удаан барихгүй байх. Мөн нойлын цаасаа ч цэвэр цаасаар хийгдсэн эсэхийг шалгаж байж авах. (10 секундэд л нэлээд хэмжээний BPA биед нэвчиж амждаг) Ер нь аль болох хуванцар эд зүйлсийг удаан барихгүй, хүрэлцэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Худалдагч нар бээлий өмсөх хэрэгтэй, компьютертэй харьцдаг хүмүүс ч мөн адил.

Хуванцар саванд савалсан ус, жүүс уухаас аль болох татгалз: Хуванцар савтай ус, ундааг зөөж, тээвэрлэж, хадгалах явцад температурын янз бүрийн өөрчлөлтөд орж байдаг тул BPA/ фталэйт нэвчсэн нь гарцаагүй учираас аль болох хэрэглэхээс татгалзахыг зарим судлаачид зөвлөж эхэлсэн байна.  Шил юмуу бусад урвалд ордоггүй материалаар хийсэн савнаас ууж бай. Мөн түүнчлэн хуванцар саванд савласан жүүсийг ариутгачихаад” бактер орохоос сэргийлж маш хурдан хугацаанд савладаг бол энэ нь температур өндөртэй байхад нь савладаг гэсэн үг ба температур өндөртэй зүйлийг хуванцар саванд хийхэд BPA ялгардаг. 

Хуванцар саванд хэзээ ч сүү хийж болохгүй: Хуванцар саванд хийсэн сүүнд агуулагдах тос нь BPA-ийг ялангуяа маш хурдан шингээж авдагХаашдаа хуванцар саванд сүү, ус хийчихсэн бол нар, тень, паар зэрэг халуун эх үүсвэрээс хол хүйтэн, сэрүүн газар байлгах хэрэгтэй.

Хамгийн өндөр чанарын 304 18/8 хольцгүй ган материалаар хийгдсэн гал тогооны хэрэгсэл хэрэглэж байх.


Бактерийн эсрэг саван ч BPA агуулдаг тул аль болох органик, байгалын гаралтай/ хүнсний ногооны глицеринээр хийсэн хатуу (шингэн бус) саван хэрэглэх

BPA агуулаагүй, байгалд шингэдэг сав, уут, баглаа ашиглаж байгаарай.


BPA-free буюу BPA-гүй бүтээгдэхүүн, эд зүйлс хэрэглэж байх.


BPS... BPx /Бий-Пий-Эс... Бий-Пий-Экс/:
Хамгийн түгээмэл байдаг 8 bisphenol (бисфенол) нэгдэлүүдээсээ био задрал хамгийн муу нь BPS юм. BPA-free” буюу “BPA-агуулаагүй” гэсэн бүтээгдэхүүнүүдэд энэ бодис нуугдаж байдаг байна. BPS нь мэдээж BPA-с дутахааргүй л хорт чанартай ба 2005 оны Японд хийсэн судалгаагаар BPS нь эстроген дууриах чадвараараа BPA-с бараг дутахааргүй гэж гарсан. Мөн түүнчлэн BPA-ээс 19 дахин илүүтэйгээр арьсанд нэвчдэг тул гормоны өөрчлөлтөд илүү хүчтэй нөлөөлнө.

АНУ-ын өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвөөс санхүүжсэн судалгаагаар энэ бодис нь мөнгөн дэвсгэрт, receipt, сэтгүүл, сонин, онгоцны тээшний шошго, нойлын цаас, бичгийн цаас, салфетка гэх мэт 16 төрлийн цаасан бүтээгдэхүүнүүдэд илэрч байгаа нь сая сая хүмүүсийн хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд чимээгүй агуулагдаж байгааг илтгэнэ.



Phthalate /Фталэйт/: нь хүүхдийн тоглоом, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд, дуслын системийн уут зэрэг поливинил хлорид (polyvinyl chloride - PVC) хулдаасан, гялгар бүтээгдэхүүн хийхэд зөөлрүүлж, уян болгох зорилгоор ашиглагддаг химийн бодис юм. Phthalate нь мөн косметик, гоо сайхан, бие арчилгааны бүтээгдэхүүнүүд, модон эдлэлийн өнгөлгөө, шавьж устгалын хор зэрэгт ордог.

BPA-ийн нэгэн адил гормоны тэнцвэр алдагдуулж, эндокрины системийн ажиллагааг алдагдуулдаг.


Хуванцарын нэгдэлүүдийн бүлэгт багтдаг фталэйт / phthalate / нь обой, шалны хулдаас, тоглоом, үнэртэй ус, шампунь, дуслын систем зэрэгт ордог ба энэ нь хортой бодис юм.
 Бусад бүхий л хорт бодисын адил, энэ бодисоос нялх хүүхэд, жирэмсэн эхчүүд хол байх хэрэгтэй.  Энэ бодис үр хөврөлийн тархи, мэдрэлд нөлөөлж 3 хүртэлх насандахь зан ааш авирт нь сөргөөр нөлөөлнө. Мөн гормоныг алдагдуулж тестоэсторений хэмжээг багасгадаг.

Фталэйт нь хулдаас, хуванцараар хийсэн олон бүтээгдэхүүнд агуулагддаг химийн бодис ба биед орох юм бол эрэгтэй хүүхдийн тархинд илүү эмэгтэйлэг авир гаргах өөрчлөлт оруулж эм хүний шинжтэй болгоход нөлөөлдөг. Хулдаасан шал, PVC шүршүүрийн хөшиг, хуванцар тавилга эдлэл зэргээс олддог.  Жирэмсний үед ийм зүйлсээс хол байх нь ирээдүйд төрөх хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдийн хувь заяанд чухал нөлөөтэй.

“Энтерик (enteric буюу гэдсэнд орж байж задардаг бүрээс) бүрээстэй эм уудаг хүмүүс өөрийн мэдэлгүйгээр фтайлэйт ууж байна гэсэн үг. Жирэмсэн эмэгтэй иймэрхүү эмнээс зайлсхийснээр удахгүй төрөх хүүдээ том хөрөнгө оруулалт хийнэ. Эрэгтэй үр хөврөлийн гормонд өөрчлөлт орох юм бол тэнцвэр нь алдагдаж нөхөн үржихүйн хэвийн бус байдал, үргүйдэл зэрэгт хүргэх аюултай.


Шинэ машины үнэр ч гэсэн хуванцараар хийсэн хяналтын самбар наранд халснаас болж гардаг үнэр ба машины урд шилний дотор талд нимгэн давхарга үүсгэдэг.

Цусанд нь их хэмжээний фталэйт агуулагддаг эмэгтэйчүүд дунджаар ердийнхөөс 2.3 жилийн өмнө цэвэршилт явагдах, цэвэршилтийн шинж тэмдэгүүд илэрдэгийг судалгаагаар үзүүлсэн байна. Пуэрто Рикод хийсэн судалгаагаар хэвийнхээс 7 дахин их фталэйтийн төвшинтэй охидод нас нь болоогүй байхад буюу 8 нас хүрэхээсээ өмнө (хамгийн багадаа 2 настайдаа!) хөхний хөгжил явагдаж байж. Мөн анхаарал тогворгүй, хэт идэвхтэй болоход нөлөөлдөг байж болзошгүй

Фталэйт нь хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдэд мөн ордог. Ийм бодис орсон бүтээгдэхүүнийг авч, хүүхдэдээ хэрэглүүлж болохгүй. Хумсны будаг, үнэртэй ус, лосьон, үнэр дарагч, шампунь, дезодорант, саван, гоо сайхны бүтээгдэхүүн, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, хүүхдийн тоглоом, дуслын систем. АНУ-д үүнийг хүүхдийн тоглоомд хийхийг 2008 оноос хойш хориглосон.

Фталэйт-агуулаагүй гэсэн шошгогүй бол янз бүрийн үнэр дарагч, үнэртэй ус авахгүй байх хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүнд фталэйтийг тогтворжуулаг болгон ашигладаг.
Элэг, бөөр, уушгины эд эсийг гэмтээж астма зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлдөг.
 Хувийн гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний жорыг шалгая гэвэл доорх вэб хаягаар орно уу:
www.personalcaretruth.com
эмний орцонд доорх үгс орсон бол фталэйт агуулагдсан байх магадлалтай.
"delayed-release," "controlled-release," "time-release," "targeted-release,"  "enteric coatings"
Эмээр зогсохгүй зарим витаминийг ийм орцтой түрхлэгээр бүрсэн байдаг.

Фталэйтийн өөр янз бүрийн хэлбэрээр байдаг химийн нэрсийг дурдвал:
DBP (di-n-butyl phthalate)
DEP (diethyl phthalate)
DEHP (di-(2-ethylhexyl) phthalate/ Bis (2-ethylhexyl) phthalate) (PVC хуванцар материалаар хийсэн бүтээгдэхүүнүүд. Ж нь: зарим эмнэлгийн төхөөрөмж).
BzBP (benzylbutyl phthalate) (зарим шал, машины тоноглол, гоо сайхан бие арчилгааны бүтээгдэхүүнд)
DMP (dimethyl phthalate): шавьж үргээгч болон зарим хуванцар эдлэл, пуужин хөөргөгч түлш.
Мөн "fragrance" буюу "үнэртэн" гэж бичсэн үнэртэй уснуудын заримд фталэйт агуулагддаг.

1, 2 юмуу 5 гэсэн дахин боловсруулах кодтой хуванцарыг сонгох хэрэгтэй. 3, 7 гэсэн кодтой бол ихэнхдээ BPA/ фталэйт агуулсан байдаг.

PCB /Пий-Сий-Бий/ (polychlorinated biphenyls):
Өмнөд, хойд Америкийн хамгийн өндөр уулнуудын олонх нь PCB(polychlorinated biphenyls) агууламжтай. 2001 оноос хойш дэлхий даяар хорьчихоод байгаа ч одоог хүртэл уул нуруудад их хэмжээгээр байдаг нь тогтоодлоо. 

1980-аад оныг хүртэл PCB нь трансформатор болон конденсаторын тусгаарлагч шингэн хийхэд өргөнөөр ашиглагддаг байжээ. Мөн будаг, цемент, пестицид зэргийг хийхэд маш их хэмжээгээр ашигладаг байж. Хуучин байшингийн модон шалны өнгөлгөө нь хорт хавдар үүсгэх аюултай PCB агуулдаг байж болзошгүй. Энэ бодис нь элэг гэмтээдэг, үр тогтоох чадвар, үс унах зэрэг сөрөг нөлөөтэйг олж тогтоомогц Стокхольмын конвенцийн дагуу дэлхий даяар хориглосон юм. Гэтэл энэ бодис одоог хүртэл өндөр уул нуруудад ихээр агуулагдаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Дэлхийн дулааралтай холбоотой эдгээр өндөр уул нуруудын цас, мөсөн гол зэрэг хайлж доош урсах юм бол мэдээж газрын гүн уруу зарим хорт бодисын агууламжийг зөөвөрлөх ба ойрын ирээдүйд байгал орчин, хүн төрөлхтөнд ямар хор хөнөөлтэй гэдэг нь сэтгэл зовниулсан асуудал юм. Ялангуяа нөхөн үржихүйн болон төрөлхийн гажигууд үүсгэх хорт химийн бодисын бохирдолтой ирээдүй үе маань тэмцэхээс аргагүй болж байна.  Хүнс, газар тариалан, эм, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн корпорациуд зөвхөн хүмүүс биднийг ч биш амьдарч байгаа гаригаа ч хордуулчихаад байна. Энэ алсын хараагүй химийн сүйрэл нь хүн төрөлхтний оршин байх эсэхэд ч заналхийлж байна. Хиймэл, химийн бодисууд.

Хамгийн өндөр уулнаас авахуулаад хамгийн гүн далайг хүртэл хүн төрөлхтөн энэ гаригийг бүхэлд нь хордуулчихаад байгаа юм шиг.

Байгалд шингэдэггүй хуванцараас татгалзаж эх гаригаа аваръя. 

Сийрүүлж орчуулсан лавлах холбоосууд:
http://www.naturalnews.com/036497_BPA_BPS_chemical.html 
http://www.sciencedaily.com/releases/2012/07/120711210241.htm

No comments:

Post a Comment

UA-46879708-1