Sunday, July 7, 2013

Гоёмсог анахай загварын байшин

Та бүхэн миний Уэйлс дэхь гэр бүлийнхэндээ зориулан барьсан байшингийн зургийг харж байна. Энэ байшингаа би хадам аав, хааяа зочлох найз нөхөд болон зарим нэг сайн дурын хүмүүсийн тусламжтайгаар барьсан юм. Барьж эхэлснээсээ хойш 4 сарын дараа бид тохилог байшиндаа нүүж орсон. Миний тооцооллоор үүнийг барихад 1000-1500 цаг, 3000 фунт стерлинг зарцуулсан. Байшин худалдаж авахтай харьцуулахад энэ нь тийм ч их биш (хөдөлмөрийн хөлсийг тооцолгүйгээр 1м. кв нь 60 фунт стерлинг). Энэ байшингаа бид хүрээлэн буй орчин, хүн байгалын хоорондын шүтэлцээг дээд зэргээр тооцож барьсан тул байгалтайгаа ойр амьдрах хосгүй боломжтой олгосон юм.
Өөрөө өөрийнхөө архитектор (туршаад үз) байх нь үнэхээр зугаатай бөгөөд барилгын аж үйлдвэрийн зөвхөн ашиг л олох гэж бөөнөөр нь үйлдвэрлэдэг "хайрцган" загвараас үнэхээр өөр юм. Үнэндээ та өөрийн эдлэн газар, өөрийн мөрөөдлийн хэсэг болсон тэр л зүйлийг бүтээж буйдаа тун ч их баяртай байх болно. Цэвэр байгалын гаралтай материалууд сонгосноор та ашиг хөөцөлдөгчдийн хар гайгаар орчин үеийн ихэнх байшин, барилгыг барихад ашигладаг хорт хавдар үүсгэгч хорын цуглуулгаас хол байх боломжтой.

Зарим гол гол дизайны шийдлүүдээс дурдвал: толгодын энгэр уруу бага зэрэг ухаж барьсан нь нөмөр хамгаалалтын ач холбогдолтойгоос гадна орчинтойгоо сайн уусал, зохицолтой болсон, ухсан шорооноос гарсан чулуу, шаврыг суурь цутгах, хана босгох гэх мэтэд ашигласан. Янданг эдгээр том чулуу, шавран дундуур явуулснаар дулааныг удаан барина. Хөргөгч нь газар доороос байшингийн сууриар дамжин ирэх агаараар хөргөөгдөнө. Дээврээр байгалын гэрэл тусна. Гэрэл, хөгжим, компьютерт нарны цэнэглэх хавтангаар ажиллана. Дээврийн усыг цөөрөмд цуглуулж цэцэрлэгийн усалгаанд ашиглана гэх мэт.

Гол багаж, хэрэгсэл: алх, хөрөө, 1 инчийн цүүц. Би өөрөө ямар ч мужаан, барилгачин биш, гэдгээ дашрамд хэлье. Ийм барилгыг хэн ч барьж чадна. Миний хийсэн юм гэвэл өөртөө итгэж, өөрөө цаг гарган ажилласан. Энэ байшин маань байгал орчинд сөрөг нөлөө багатай, тогтвортой аж ахуйн үүднээс баригдсан. Гол санаа  нь байгал ертөнц, хүмүүс хоорондоо эв зохицолтой амьдрах, юмыг энгийнээр хийх, мөн техник технологийг зохих төвшинд хэрэглэх. Ийм зардал багатай, байгалд ээлтэй барилга нь арчилгаа бага шаарддаг, газартай хүмүүс зардал багатайгаар барих боломжтой, хүмүүсийг энгийн чөлөөт амьдралаар амьдрах боломж олгоно.

Эх сурвалж: http://www.urgaarai.com/

No comments:

Post a Comment

UA-46879708-1