Тогтвортой аж ахуйн ойлголтыг анхлан томъёолж "permaculture" хэмээх нэр оноосон хүн бол Билл Моллисон. Тэр олон мянган хүмүүсийг байгал орчны цогц системд анхаарлаа хандуулж бас олон мянган мод тарьсан хүн юм. Түүний "In grave danger of falling food" буюу "Тусламжийн хүнсний сүйрлийн аюул" гэдэг баримтат кинонд хүнсээ өөрсдөө тариалалгүй хүнсний хараат байдалд байх нь ямар аюултай тухай өгүүлдэг ба супермаркетын систем нь хэлбэр л өөр болохоос тусламжийн хүнсний сүйрлийн аюултай адилхан хүнсний бүрэн хамааралтай байдалд орж байгаа гэсэн үг юм.
Хотод амьдардаг хүмүүсийн хоол хүнсийг мянга мянган километрийн цаанаас асар их бензин үрж тээвэрлэн авч ирээд бүүдэг өдрийн гэрэл ассан агуулахуудад бөөгнөрүүлэн хадгалж бас олон зуу мянган хүмүүсийг цалинжуулан ажиллуулж байж тэдэнд хүргэдэг. Супермаркетын хүнс зөвхөн хил дотроос ч бус хилийн гаднаас, бүр цаашилбал далай тэнгисээр олон хоног сар тээвэрлэгдсэн байдаг. Яагаад ийм хол зам туулсан лаазтай загас Хөвсгөлийн загаснаас хямдхан байж болох вэ? Учир нь лаазтай загасыг
химийн бодис, гений инженерийн аргаар гаргаж авсан асар хямд хүнс болох эрдэнэ шиш гэх мэт ерийн бус тэжээлээр бордож хэдхэн хоногт маш бага цалинтай цагаач хөлсний ажилчдын хөдөлмөрийг ашиглан бий болгодог байж магадгүй! Бүх юм ашиг, ашиг, ашиг, хурд, хурд, хурд. Ингэж хурдан бий болсон генийн өөрчлөлттэй загасыг ердийн загастай харьцуулан өөрийн нүдээр харвал та идэхийг хүсэх болов уу? Харин танигдахын аргагүй болтол амтлаад, өнгө оруулаад, өөр өөр хэлбэрээр лаазалж баглаад зарахад хэн ч мэдэхгүй. Хүмүүс супермаркетаас юу худалдаж авч байгаагаа сайн мэддэггүй. Түүний кинонд энэ тухай өгүүлдэг. Тэр хоол хүнсээ боломжтой бол өөрөө тарьж ургуулахыг, боломжгүй бол тухайн орон нутгаасаа авахыг уриалдаг. Мөн боломжтой газар л байвал хоосон зүлэгний оронд хүнсний ургамал тарихыг зөвлөдөг. Байгал үргэлж баялаг байхыг эрмэлздэг, хөрс шим тэжээллэг байдаг. Тогтвортой аж ахуй нь ирээдүйд зонхилох аж ахуй болох хэрэгтэй.
Билл амьдралынхаа 9 жилийг ой, ойн эдийн засаг судлахад зарцуулжээ. Ой мод, онгон байгал л дэлхий дээрх хамгийн агуу боловсролын систем юм. Их сургууль байхгүй байсан ч бидэнд алдах юмгүй, харин ойгүй бол бид бүхнээ алдлаа гэсэн үг.
Орчин үеийн газар тариалан нэг төрлийн ургацад чиглэсэн байдаг нь үндсээрээ буруу гэж тэр ярьдаг. Нэг төрлийн ургац, нэг төрлийн хортон шавьжийг ихээр дагуулна, тэгээд их хэмжээний пестицид (хортон шавьж устгах химийн бодис) ургац уруу цацна, үр дүнд нь хүмүүс хортой хүнс хэрэглэнэ. Ийм газар тариалан бол үнэндээ дэлхийн хоёрдугаар дайны үргэлжлэл юм. 1940 оноос хойш хөрсний 70% устгагдсан. Дэлхийн усны 40% газар тариалангаас болж хордсон байна.
Ийм газар тариаланг зогсооцгооё.
Олон янзын ургамал хамтдаа ургах хэрэгтэй, яг л ойд байдаг шиг, тэр цагт хортон шавьжийн асуудал байхгүй болно. Нэг амьтнаар дагнадаг фермийн аж ахуй ч мөн адил. Тахианы фермд гэхэд, нэгхэн өндөг гаргаж авах гэж 9 өндөгний дайтай энерги зарцууладг. Харин төрөл бүрийн амьтад хамтдаа байвал бие биедээ тустай, бие биенээ нөхөж амьдардаг. Ургамал, амьтад ч цугтаа байх хэрэгтэй, хүн ч мөн адил. Бүгд хамтдаа.
No comments:
Post a Comment