Sunday, October 28, 2012

Шоргоолж ялгадас гаргадаг уу?

Тиймээ, тэгдэг. Бусад шавьжны адил, шоргоолжны ялгадас тодорхой хугацааны туршид задарч хөрсөнд хэрэгтэй тэжээл болж өгдөг.

Шоргоолжнууд хөөрхөн ухаантай цэвэрч болохоороо үүрэн дотроо амьдардаг хэсгээсээ хол тусгай "ариун цэврийн өрөө" гаргаж тэндээ бие засдаг юм байна. Энэ өрөөндөө бас хог хаягдалыг байлгадаг. Харин үүрнээсээ гадаа байхдаа мэдээж тэд бусад амьтдын адил хаана ч бие засаж болно.

Шоргоолжны үүр 4 хүртэлх метрийн гүнтэй байж болох ба өвөл зунгүй бараг нэгэн хэвийн дулаантай байна.

Шоргоолж нь дөнгөж 30 - 45 өдөр л амьдардаг байна.

read more ››

Tuesday, October 23, 2012

Бие биедээ зориулагдсан




Амьтад бидэнд хайрлах сэтгэлтэй байхыг ойлгуулдаг. Амьтад биднийг илүү хүнлэг болгодог.

Хөгжингүй орнуудын бусад багш нарын л адил Альперт компьютер хэрэглэж өсөж буй сурагчдад багшилдаг. Тэр багш хүний авъяасаараа компьютерийн дэлгэцийн өмнө олон цаг суусан хүүхдийг өрөөний хаанаас ч олж харж чаддаг. Тийм хүүхдүүд компьютертай бага харилцдаг хүүхдүүдээс өөрөөр биеэ авч явдаг, өөр ааш зан гаргадаг байна. Компютергүй хүүхдүүд хүмүүстэй байх илүү дуртай, илүү сониуч, илүү нийгэмшсэн байдаг байхад "компьютерийн хүүхдүүд" олон хүүхдүүдтэй харилцах, тоглох сонирхол бага, өөрийнхөө хүсэл, бодлыг илэрхийлэх дургүйвтэр байдгийг тэр ажиглажээ.

Учир нь эцэг эх, ах эгч дүү, найзуудтайгаа харилцах тэр хугацааг тэд компьютертай харьцаж өнгөрөөж буй хэрэг юм. Тэд хүний харилцаагаар дутагдаад зогсохгүй энэ хоосон орон зайг хүчирхийлэлээр дүүргэж байна. Маш олон видео тоглоомууд хүчирхийллийг харуулсан байдаг ба тийм тоглоомыг хүүхдүүд хамгийн их тоглодог. Эцэг эх нь эдгээр хийсвэр тоглоомыг хориглолоо ч телевизээр 24 цаг бодит амьдрал дээрх аймшигт, хүнлэг бус мэдээ, мэдээлэл хөврөнө. Маш олон хүүхэд хэт мэдрэмтгий мэдрэлийн системтэй болсонд гайхах хэрэг байна уу? Ийм зүйлсээс хүүхдүүд өөрсдөө холдоод гүйц харайж явбал их сайн хэрэг. Харин иймэрхүү виртуал буюу хийсвэр шоконд орсон зарим хүүхэд дуугай болж хувирдаг. Хүүхдүүдэд илүү их хайр халамж, хяналт, зөвөлгөө хэрэгтэй. Тэд бусадтай илүү ойр болж, байгал амьтадтай илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Ингэж амьд зүйлстэй харилцаж, хайрыг мэдрэхэд хүний тархинд окситоцин (oxytocin) хэмээх бодис ялгардаг байна.

Өнөө үед ихээхэн ажиглагдах болсон отизмын синдром (autism) буюу орчноос тасрах өвчин нь окситоцины ген юмуу окситоциний хүлээн авагчдыг зохицуулдаг генд үүсэх дефекттэй холбоотой, окситоцины дутагдалаас болсон байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид  үзэж байна.

Отизмтой олон бяцхан хүүхдүүд ээжийнхээ өхөөрдөн дуудахыг үл тоон компьютераас гарч буй дуу авиаг сонсохыг илүүд үздэг, мөн хэвийн хүүхдэд ээжийнхээ хоолойг сонсоход үүсдэг мэдрэлийн ердийн үйл ажиллагаа тэдний тархинд үүсдэггүй байна.

Окситоцины дутагдал компьютер технологиос гадна кесерво хагалгаагаар төрөхтэй холбоотой байж магадгүй. Дэлхий нийтээр төрж буй эхчүүдийн 30-аас дээш хувь нь кесерво хагалгаагаар төрөх болжээ. Хүүхдийг ердийнхөөр төрүүлэх явцад үүсдэг түлхэлт, даралтын процесс нь тархинд окситоцин ялгаруулахад чухал юм. Энэ нь бас эх хүүхдийн хоорондын холбоог үүсгэж, хөхөнд сүү оруулахад тусалдаг.

Отизмтай хүүхдүүдийг амьтадтай харилцуулахад тэдний тархинд окситоцин ихээр ялгарч байсан ба бусадтай харилцах харьцаа нь ч сайжирч байв.

Нэгэн сургуулийн сурагчдын өөрийн дуртай тэжээвэр амьтнаа хичээл дээрээ авчрахыг зөвшөөрөхөд хүүхдүүд их тайван болж математикийн бодлого бодох нь хүртэл сайжирсан байна. Өрсөлдөөнт нөхцөл байдалд дарамтад орж стрессээс болж өвдсөн хүмүүсийг амьтад мөн тайвшруулж, хурдан эдгэхэд тусалж, эмнээс илүү эм болдог ажээ. Муурыг илэхэд л хүний тархинд окситоцин ихээр ялгардаг. Амьтан хүнийг ингэж тайвшруулдаг.



Бар, арслан гэх мэт том, аюултай амьтадтай ажилладаг сургагчид хүний гараар өсгөсөн амьтад л хамгийн итгэлтэй гэж хэлдэг. Ингэж өөрийн гараар өсгөсөн амьтад хүн "ээж"-тэйгээ хүчтэй холбоотой болж, аз жаргалтай байдаг байна. Та өөрийнхөө зүрхийг өөрчлөхгүйгээр амьтны зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй.

Бид амьтдыг ажиглаж тэднээс суралцах ёстой, жишээ нь унтаж босоод суниах. Учир нь тэд биднээс илүүтэй зөн билгээ хадгалж үлдсэн байна. Харин тэгээд бид ч бас өөрсдөө амьтдад ном дүрэмтэй цэгцтэй байхыг зааж сургах хэрэгтэй. Мөн бидний тусын тулд үүргээ биелүүлэх хэрэгтэй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй.

Хүн амьтан хоёр бие биедээ хэрэгтэй.

MADE FOR EACH OTHER номноос орчуулж тэмдэглэсэн Permabaigal.
read more ››
UA-46879708-1