Билл Моллисоны тухай нийтлэлээрээ бид эрдэнэ шиш (corn) гээч ургамалаар амьтдыг хямд төсөр хооллон ашиг олох системийн тухай дурдсан билээ. Энэ нийтлэлээрээ гений өөрчлөлттэй хүнсний "хаан" гэгдэх энэхүү эрдэнэ шишийн тухай авч үзье.
Баримтат кино:: Хаан эрдэнэ шиш: King corn:
Эрдэнэ шиш гэдэг нь энгийнээр хэлэхэд маш том өвс юм. Энэ нь супермаркетуудаар зардаг амтат эрдэнэ шиш биш харин их хэмжээний үйлдвэрлэлд зориулан гаргаж авсан том ургамал юм. Энэ киног хийсэн хоёр коллежийн найзуудын үсэнд Виржиниягийн Их Сургуульд ажилладаг Стив Мако шинжилгээ хийгээд тэдний бие дэх нүүрстөрөгч энэхүү эрдэнэ шишээс гаралтай болохыг тогтоожээ. Харин яаж?
Учрыг олохоор хоёр найз супермаркет яваад тэнд зарагдах бүх бараа эрдэнэ шишээр хийгдсэн болохыг олж мэджээ. Учир нь үхэр, тахиа, загас гээд хүнсний зориулалтаар өсгөдөг амьтдыг хямд төсрийн үүднээс өвсөөр биш эрдэнэ шишээр хооллодог болжээ. Идэх ёстой хоол нь биш учир эдгээр амьтад маш өвчлөмтгий болдог учраас эдгээр амьтдыг антибиотикоор бордож эхэлдэг байна. Ийнхүү жирийн бусаар хооллосон амьтдаас гаргасан хүнс жирийн бус хүнс бөгөөд та зүгээр л супермаркетаас дурын нэг хүнсний бүтээгдэхүүн авлаа гэхэд түүнтэй дагалдан үнэгүй антибиотик, олон төрлийн химийн бодис худалдаж авч буй хэрэг юм. Энэ хэвээрээ идэх зуршлаа өөрчлөхгүй бол одоогийн хүмүүс эцэг эхээсээ богино настай анхны үе болж ч магадгүй байна.
Үйлдвэрлэгчид эрдэнэ шишийг ихээр худалдаж аван, засгийн газраас татаас өгөх болсноор фермерүүд эрдэнэ шиш ихээр тариалах болсон ба трактор, бордооны "ачаар" өрхийн жижиг фермүүд том том фермүүд болж хувирчээ. Хоёр найзын эцэг өвгөдийн амьдардаг байсан Айова мужид уул овоо шиг их эрдэнэ шиш тарьдаг болжээ. Үхэр мал нь эрдэнэ шишээр хооллоод түгжээтэй хорьдаг хашаанд байх болжээ.
Эрдэнэ шишээс чихэрлэг өндөртэй эрдэнэ шишийн сироп (high fructose corn syrup - HFCS) гаргаж авдаг ба үүнийг маш олон хүнсний бүтээгдэхүүн хийхэд бас ашигладаг.
Баримтат кино:: Хүнс ХК: Food Inc:
Боловсорч гүйцэхээс нь хамаагүй эрт хурааж аваад тусгай химийн хийгээр хурдан боловсруулдаг Америкийн хүнсэнд улирал гэж байхгүй. Улаан лооль улаан лооль мэт харагдавч энэ нь зүгээр л улаан лоолийн төсөөллийн дүрс төдий юм. Мах худалдаж авах хэсэгт яс гэж зүйл байхаа аль хэдийнээ больсон. Энэ бүхэн түргэн хоол, супермаркетаас үүдэлтэй.
Ферм дэхь тахиа 1950 оныхоос 5 дахин том болсон ба биеэ дааж чадахгүй байна.
Амьтдад их хэмжээгээр өгдөг антибиотикоос болоод e coli, salmonella гэх мэт халдварт өвчний нянтай махнаас болж нэлээдгүй хүн өвчилж, үхдэг. Маш олон Америкчууд чихрийн шижин өвчтэй болж байна. Супермаркетууд, томоохон корпорациуд сүүлийн үеэс органик хэмээн шуурах болсон ч энэ тэр чигээрээ ердөө л тэдний бизнес. Монсанто гэх мэт акулууд амьтны генийг хүртэл патентлан авч байна. Тийм байж болох уу? Ашиг орлогын төлөө тэд өөр амьтны гентэй үхэр, мал, ургамал гарган авч байна. Тэд генийн өөрчлөлттэй хүнсний орцыг шошгожуулж ил болгохыг хүсэхгүй байна. Тиймээс орон нутгийнхаа жижиг дунд бизнес, ажилчид, амьтад, хүрээлэн байгаа орчиндоо хүнлэг хандаж, амьтдыг иддэг хоолоор нь хооллодог компаний бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний орц, зааврыг уншиж авч сурах хэрэгтэй. Өөрсдөө тарьж ургуулах хэрэгтэй. Та зажлах бүртээ дэлхий ертөнцөд өөрчлөлт авч ирж чадна.
Үржих чадваргүй байсан үхрийг генийн өөрчлөлттэй эрдэнэ шишээс салгаад өвсөөр хооллоход буцаад хэвийн үржих чадвартай болсон нь юуг хэлж байна вэ?
read more ››