Thursday, October 27, 2011

Нисдэг сүрэг - зөгий

НИСДЭГ СҮРГИЙН ЭЗЭН
Нүүдэлчин гаралтай монголчууд зөгийн “сүргийг маллаж” эхлээд 60 жил ч болоогүй. Анх манай улс 1959 онд ОХУ-ын Буриадаас 20 бүл зөгий авчирч Шаамарт нутагшуулан зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьжээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл “нисдэг сүрэгтэй” болсон бөгөөд үүнээсээ жилд 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 тонн бал хураан авдаг байжээ.

Харин одоо зөгийн аж ахуйн салбарын ажил үйлсийг хувиар хөдөлмөр эрхлэгчид өдөөд нь татаж явна. Тэдний нэг нь “Лха-мөнх” зөгийн ферм юм. Эднийх Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой сангийн аж ахуйг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тус зөгийн фермийн аж ахуйг эрхэлдэг Л.Мөнхбаяртай “Хоршоо – жижиг, дунд үйлдвэр – ажлын байр 2011” үзэсгэлэн худалдааны үеэр уулзаж ажил үйлсийг нь сонирхлоо.

-Та хэзээнээс эхэлж зөгийн аж ахуйг эрхлэв?
-Манай зөгийн аж ахуй үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байна. Гэхдээ бүр социализмын үед манай аав Шаамараас зургаан бүл зөгий авч өөрийн сонирхлоор тэжээж байсан. Тэгэхээр 1992 оноос бид гэр бүлээрээ зөгий тэжээж өдий хүрлээ. Одоо манайх 250 бүл зөгийтэй. Карпат, итали гэсэн хоёр үүлдэр угсаатай зөгий тэжээдэг. Бид 3 дугаар сарын 20-хорьдоос зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргаад 4 дүгээр сарын эхээр буюу бургас гөлөглөх үеэс эхлэн зөгийнүүдээ балт ургамал дээр тавьж эхэлдэг юм. Тэгэхээр 4-9 дүгээр сар хүртэл Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаагаа явагддаг гэж ойлгож болно.

-Хэдэн хүн ажилладаг уу?
-Зөгийн аж ахуй улирлын чанартай учраас ид бал авах үед буюу 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл гэрээгээр хүн нэмж ажиллуулдаг. Энэ үед балт ургамлууд хамгийн их ургаж, зөгийнүүд бал хураадаг ажилдаа ордог тул нэмэлт хүн хүч их хэрэгтэй болдог л доо. Ер нь бол бид үндсэндээ таван ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

-Та түрүүн 4 дүгээр сард зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргадаг гэлээ. Тэгэхээр танай зөгийнүүд хаана өвөлждөг үү? Ер нь зөгийн аж ахуйн онцлог юу вэ?
-Манай зөгийнүүд Эрдэнэтэд өвөлжиж хаваржаад, оторлохдоо Булганы Сэлэнгэ суманд зун, намрыг өнгөрөөдөг. Манай бүх зөгийн бал тэнд ургадаг балт ургамлуудаас гардаг. Зөгийн аж ахуйн онцлог гэвэл маш их мэдлэг шаарддаг. Зарим талаар эрсдэлтэй ч гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс зөгийн аж ахуйг их энгийн, амар гэж төсөөлдөг л дөө. Зөгий худалдаж аваад уулын мухарт цэцэгтэй газар аваачаад тавьчихад л зөгийнүүд өөрсдөө балаа хурааж аваад балтай болчихно гэсэн ойлголттой хүмүүс их бий. Ингэж бодсон хүмүүс зөгийн ферм эрхлэх гэж байгаад бүтэлгүйтсэн тохиолдолд ч их гардаг. Энэ нь зөгий арчлах ажиллагаа асар их мэдлэг шаардагдана гэдгийг батлаад байгаа юм. Ерөөсөө зөгий арчлах бол тусдаа шинжлэх ухаан шүү дээ. Аливаа нэг асуудал үүслээ гэхэд шийдэх шийдэл нь таваас зургаан хувилбар байдаг юм.

-Хэдэн төрлийн зөгийн бал та нар гаргаж байна?
-Булганы Сэлэнгэ суманд их олон төрлийн балт ургамал ургадаг онцлогтой. Хамгийн наад захын жишээ нь монос, долоогоно, туплинцер, хөвөн толгойт гэх мэт олон төрлийн балт ургамал бол бий. Гэхдээ цэцэг болгон балт ургамал биш, цэцэг болгон бал гаргахгүй. Намар цагт манай нутагт гурвалжин будааг тариалдаг. Гурвалжин будаа маань өөрөө будаа болохоосоо өмнө цэцэглэдэг. Цэцэг нь балт ургамал юм. Бид жилийнхээ байдлаас шалтгаалаад 3-4 төрлийн зөгийн бал гаргаж байгаа.
Монос, долоогоно, туплинцер зэрэг олон төрлийн балт ургамлаас гардаг зөгийн балны нэг төрөл бий. Мөн хөвөн толгойд буюу иванчай гэж гадаадаар нэрлэдэг балт ургамлын бас нэг төрөл бий. Тэгээд донник, фацелия гэж (гадаадаар нэрлэдэг) балт ургамлуудын зөгийн бал бас нэг төрөл болно. Донник маань хоёр наст ургамал тул зарим жилд ургадаггүй. Харин манай хамгийн тэжээллэг бал бол гурвалжин будааны цэцгийн хар бал байгаа юм. Хамгийн эрдэс бодисоор баялаг бал тул гадаадынхан ч их хэрэглэдэг бал.

-Дөрвөн төрлийн бал дөрвөн өөр өнгөтэй байх уу?
-Өөр өөр өнгөтэй байна. Харин манай монголчууд зөгийн балыг ерөнхийд нь цайвар шаргал, цагаан байх ёстой ойлгодог л доо. Энэ бол хуучирсан ойлголт. Социализмын үед бол голцуу нэг төрлийн цэцэгнээс бал хурааж авдаг байсан учир тэр балт ургамлыг ялгаруулж байгаа амтат шүүс буюу зөгийн бал нь голцуу цайвар өнгөтэй байсан тул хүмүүс тэгж ойлгодог болсон байх.
Харин манай зөгийн аж ахуйгаас гарч байгаа бал цайвар шаргалаас гүн хар хүртэл өнгөтэй байдаг. Дэлхий дээр их олон төрлийн балт ургамлууд байдаг болохоор зөгийн бал ч их олон төрөл байдаг. Өнгөөрөө, амт, үнэр, ааг гээд бүх юмаараа өөр өөр шүү дээ. Ер нь бол хамгийн их тэжээллэг, эрдэс баялгаар баян бол зөгийн бал бол гурвалжин будааны цэцгийн бал байгаа юм даа.

-Зөгийн балныхаа төрлийг яаж ангилдаг вэ?
-Ихэнх хүмүүс та нар зөгийгөө ямар цэцгэн дээр сууж байгааг нь яаж мэддэг юм бэ? гэж асуудаг. Бид зөгийгөө оторлодог болохоор ямар балт ургамлын цэцгэн дээр аваачиж тавьж байгаагаа сайн мэддэг. Мөн балт ургамлын цэцгүүд цаг хугацааны хувьд ч зөрөөтэй дэлбээлдэг юм л даа. Нэг хэсэг нь 6 дугаар сард, нөгөө хэсэг нь 7 дугаар сард, зарим 8 дугаар сард цэцэглэдэг ургамал ч бий. Бас энэ дашрамд хэлэхэд зөгийн аж ахуйгаас зөвхөн зөгийн бал биш мөн олон төрлийн бүтээгдэхүүн гардаг юм шүү дээ. Жишээлбэл, хүний биед маш сайн, мөөгөнцөр, нянгаас хамгаалдаг, арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай жилий буюу прополис гэдэг бүтээгдэхүүн гаргана. Энэ нь модны мөчир, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо зөгий өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүн юм. Мөн зөгийн сүүнцэр гэдэг бүтээгдэхүүн бий. Гэхдээ бүгд их хэмжээгээр биш л дээ. Бага хэмжээгээр гаргадаг.

-Зөгийн сүүнцэрийн тухай жаахан тодруулахгүй юу? Уншигчдад сонирхолтой байж магадгүй.
-Эх зөгийн сүүнцэр гэдэг маань зөвхөн эх зөгий буюу хатан зөгийн гол тэжээл байгаа юм. Ажилчин зөгий 40-45 хоног насалж байхад сүүнцэрээр хооллодог эх зөгий 7-8 жил хүртэл насалдаг. Зөгийн сүүнцэр бол ажилчин зөгийн дотоод шүүрлийн булчирхайгаас ялгардаг цөцгий маягийн маш уурагтай шүүрэл. Энэ бүтээгдэхүүнийг хүний бие организмд асар их тустай гэж үздэг. Цацрагт идэвхт бодис агуулсан учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн зүрх судас, титэм судасны нарийслалтай хүмүүс хэрэглэвэл их ашигтай тустай. Сүүнцэрт бүх төрлийн амин хүчил байдаг тул дархлаа сайжруулах, эрүүлжүүлэх, залуужуулах байгалийн эх үүсвэр болдог.
-Та нар бүтээгдэхүүнээ хаана зардаг вэ?
-Бид бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг нийслэлийн дэлгүүрүүдээр зардаг. Мөн хөдөө орон нутагт ч борлуулж байгаа. Зөгийн бал маань цагаа агаарын байдлаас хамаарч жил бүр янз янз гардаг л даа. Балт ургамал хэр ургаснаас хамаардаг гэсэн үг. Ерөнхийдөө нэг бүл зөгийнөөс бол дунджаар 25-45 кг хүртэл зөгийн бал нэг улиралд бид хурааж авдаг. Манай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид маань ч сайн мэддэг болсон.

-Ямар үнэтэй байх уу?
-Бид зөгийн балаа кг-аар нь, эсвэл 500 граммаар зардаг. Ерөнхийдөө бол манай зах зээлийн жишиг үнэ нэг кг зөгийн бал 20 мянган төгрөгийн ханштай байгаа. Хагас кг нь 10 мянган төгрөг гэсэн үг.

-Монголд импортын зөгийн бал их байдаг шүү дээ. Эдгээр зөгийн балаас чанарын хувьд танайх илүү байж чадах уу?
-Чанарын хувьд бол бид илүү гарна уу гэхээс дутахгүй ээ. Нэгдүгээрт, бид цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа. Хэдийгээр монголын зах зээл дээр маш олон төрлийн импортын зөгийн бал зарагдаж байгаа ч эдгээр зөгийн бал жинхэнэ гэдэг бас эргэлзээтэй шүү дээ. Яагаад гэвэл манай монголчуудын зөгийн балны тухай ойлголт хомс муу байдаг учраас чихэр амтагдсан болгоныг зөгийн бал гэж ойлгох нь их. Тэгэхээр манай иргэд мэдлэгтэй байх нь хэрэгтэй байна. Хоёрдугаарт, манай улсад одоогийн байдлаар жинхэнэ зөгийн бал мөн үү, биш үү гэдгийг тодорхойлдог диастазын шинжилгээг хийдэггүй. Уг нь бол диастазын тоо 7 гёто буюу түүнээс дээш бол зөгийн бал доош бол зөгийн бал биш гэж олон улсад тодорхойлдог юм л даа.

-Тэгэхээр танайхыг ч гэсэн зөгийн бал мөн эсэхийг тодорхойлоогүй байна гэсэн үг үү?
-Тиймээ. Гэхдээ манайх цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул эргэлзэх хэрэг байхгүй. Бид ямар нэг хольц зөгийн баландаа хийдэггүй юм. Бидний нэг хүсч байгаа зүйл бол манай зах зээл дээр зөгийн бал нэртэй янз бүрийн бүтээгдэхүүн зарагдаж байгаа тул үүнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тодорхойлдог л болмоор байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол иргэд маань зөгийн бал гэж андуурч аваад эрүүл мэнд, санхүүгээрээ ч хохирох тохиолдол их байна шүү дээ...

Л.Мөнхбаяр бид хоёр ийнхүү ярилцав. Дашрамд сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ жилд 255 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэдэг тул дэлхийд тэргүүлдэг. Харин АНУ жилд 84 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэж Хятад улсын дараа ордог аж.


З.Баянзул: Зөгийн аж ахуй үүсээд хагас зууныг үдсэн ч дотоодын хэрэгцээний 5-10-хан хувийг хангаж байна

-Орхон сум хэчнээн зөгийн аж ахуйтай вэ?
-Манай суманд зөгийгөөр дагнасан хоёр хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Мөн 28 зөгийтэй айл бий. Ер нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан ганц хоёрхон бүл зөгийтэй айл нэмэгдэх болсон. Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг олон газраас хүмүүс ирж зөгий авдаг. Хүмүүс гэр бүлийн хэрэгцээнд зориулж байгалиас нь шууд зөгийн балаа авах сонирхолтой болж. Харин аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа газар ховор. Зөгийг тэжээхэд хөрөнгө шаардагдана. Ойролцоогоор өнгөрсөн онд нэг бүл зөгийг 450 мянгаар Оросоос оруулж ирсэн. Энэ жил зөгийн үнэ нэмэгдэж магадгүй. Учир нь эрэлт ихэсч байгаа.

-Зөгий нь арчилгаа хэр шаарддаг амьтан бэ?
-Зөгий өвчинд нэрвэгдэхдээ амархан. Туршлагагүй хүмүүс зөгий тэжээхдээ арчилгаанд нь алдаа гаргаж зөгийгөө төрөл бүрийн өвчин, хортон шавьжинд өртүүлдэг. Эхний жилүүдэд ийм бэрхшээл тохиолдоход хүмүүс шантарна. Ашигтай тал нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгоод зогсохгүй илүү гарсан балаа зарж, амьдралдаа нэмэр болгох боломжтой.

-Анх хэрхэн зөгий тэжээж эхэлсэн бэ?
-Манай аавыг Монгол Улсын аварга зөгийчин Ө.Зулаа гэдэг байсан. Монголд нэг л улсын аварга зөгийчин төрсөн нь миний аав. Нэг үгээр удам дамжсан зөгийчин юм. Аавыгаа дагаж ухаан орсон цагаасаа эхлэн зөгий маллаж, зөгийтэй ойр өссөн дөө. Зах зээлд шилжсэнээр зөгийн аж ахуй ашигтай гэдгийг мэдэж зөгийн үр шимийг хүртэх болсон.

-Монголд хэзээнээс зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн юм бол?
-1959 онд Буриадаас 20 бүл зөгий оруулж ирсэн байдаг. Өнгөрөгч онд зөгийн аж ахуй үүссэний 50 жилийн ой болсон. Энэ хугацаанд зөгийн аж ахуй сэргэж бас уналтад орж байв. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарах болсноор экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа монгол зөгийн балны эрэлт хэрэгцээ нэмэгдэх боллоо. Нөгөөтэйгүүр зөгийн аж ахуйг хөгжүүлэх эрмэлзэлтэй хүмүүс нэмэгдэж байгаа нь энэ салбар хөгжих боломжтойг харуулж буй.

-Бүл зөгий хэдэн гишүүнтэй байдаг вэ?
-Тухайн улирлаасаа шалтгаалан бүлийн гишүүдийн тоонд өөрчлөлт ордог. Доод тал нь 10 мянга байдаг бол 100 хүртэлх мянган гишүүнтэй бүл ч бий. Тиймээс зөгийг тоолох аргагүй. Жинлэж багцаалддаг. Килограмм зөгийнд 10-11 мянган зөгий байна гэж үздэг. Зөгий хавар ургамал цэцэггүй үед цөөрч, зундаа
хурдан үрждэг. Зөгий 25-35 хоногийн настай. Хатан зөгий, эр зөгий, ажилчин зөгий гэсэн бүлэгтэй. Хатан зөгий 2-3 жилийн настай бол ажилчин зөгий 25-35 хоног, эр буюу хаан зөгий 2-3 cap насална. Зөгийн бүл гэдэг нь нэг хайрцаг. Нэг бүлд нэг л хатан зөгий байна. Хатан зөгий өдөрт хэдэн мянган өндөг гаргадаг. Тэгэхээр өдөр бүр хэдэн мянган зөгий төлжих боломжтой. Зөгий нь өндөгнөөсөө гарах хүртлээ 21 хононо. Авгалдай, хүүхэлдэй гэж явсаар зөгий болно. Үүнээс эхний арав орчим хоногт үүртэйгээ танилцана. Манай гэр бүл ямар байдаг болон хаана гал тогоо, хаана өндөгнүүд, хаана хатан зөгий амьдардгийг мэдэж авна. Хэрхэн үүрээ цэвэрлэж, хэрхэн харуул хамгаалалт хийдэг гээд бүх зүйлийг сурдаг.

Дараагийн арван хоног байгаль орчинтойгоо танилцана. Сүүлийн арван хоногт үндсэн ажил болох бал зөөх, цэцгийн тоос цуглуулах зэрэг гадны хийж болох бүх ажлыг хийнэ. Ингээд тухайн зөгийн амьдрал дуусахад дараагийн зөгийнүүд төрж байдаг. Ерөнхий амьдралын хэлбэр нь ийм. Сүүлийн арван хоногт маш шаргуу ажилладаг. Зөгий нь өөрийнхөө үүрэнд л орно. Бусдын үүрэнд ордоггүй. Зөгий болгон онцлог үнэртэй. Үүрэнд нь дөхөж ирсэн ажилчин зөгийг харуул зөгийнүүд үнэрээр нь ялган дотогш нэвтрүүлдэг. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг зөгий ч мөн ажилсаг, залхуу гэж бий. Зөгийчин бидний ажлын ганц онцлог гэвэл ажилсаг зөгийг түлхүү үржүүлнэ. Дараагийн бүл байгуулахдаа ажилсаг зөгийнүүдээс шилж авдаг.

-Бүл зөгийнөөс хэдэн кг бал авах вэ?
-Жил жилийн онцлогоос хамаарна. Гантай жил бал авахгүй байхад хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун 10-15 кг бал авдаг. Сүүлийн үед балт ургамлыг тариалдаг болсон. Монгол зөгийн бал олон удаагийн үзэсгэлэн яармагт түрүүлж байсан. Яагаад манай зөгийн балны чанар сайн байна гэвэл байгалийн цэвэр ургамлын шүүс цуглуулдгаараа хамгийн цэвэрт тооцогддог. Хэдийгээр манай оронд зөгийн аж ахуй үүсээд хагас зууныг элээсэн ч дотоодын нийт хэрэгцээний 5-10 хувийг л хангаж байна. Зөгийн балны хэрэгцээ улам нэмэгдэж байхад нийлүүлэлт бага. Нөгөөтэйгүүр цөлжилт, ургамлын бүрхэвчийн доройтлын улмаас гадны орнууд шиг балт ургамал тариалж бал авах хандлагатай болсон. Балт ургамлын 300-400 төрөл байдаг. Манай оронд чийгшил ихтэй, дулаан газар балт ургамал ургах тохиромжтой. Мөн үүлдрээсээ шалтгаалан сэрүүн нөхцөлд ч зөгийг тэжээж болно. Ховдын Булганд Гүржээс оруулж ирсэн зөгийг тэжээдэг. Тэгэхээр бүх газар зөгийг тэжээх боломжтой.

-Танайх хэдэн бүл зөгийтэй вэ?
-28 бүл зөгийтэй. 2008 онд Сэлэнгийн Шаамар суманд зөгийн өвчин гарч манайд нэвтэрсэн. Зөгийн талаар мэргэшсэн эмнэлэг байхгүй болохоор өвчнийг нарийн тодорхойлоогүй. Одоохондоо зөгийнүүд маань ичээндээ байгаа учраас дулаарахаар хэд болж гарч ирэхийг мэдэхгүй байна. Хорогдол өндөр гарах болов уу. Өвчний үед хашир зөгийчид гаднаас эм оруулж ирсэн гэсэн.

-Зөгийн балны зах зээлийн үнэ хэд байдаг вэ?
-Өнгөрөгч онд кг зөгийн бал 20 мянган төгрөг хүрсэн. Гэхдээ худалдаанд байгаа зөгийн балд бүгд цэвэр байдаггүй.

-Сайн чанарын зөгийн балыг яаж таних вэ?
-Бал бол ургамлын амтат шүүс. Түүнийг зөгий зөөж сархиаг буюу жижиг нүхнүүдэд гулгиж оруулдаг. Энэ шүүсийг үүрний бусад зөгий дахин сорж амныхаа хажуу дахь хоёр булчирхайд хийн тусгай бодис ялгаруулан боловсруулдаг. Эл үйлдлээ 200-300 удаа хийнэ. Ингээд балны шүүслэг чанар алдагдаж, өтгөн байдалтай болно. Бүр далавчаараа тогтмол сэвэх үүрэгтэй зөгий ч бий. Үүнийг нь бид авч ашиглана. Харин хадгалалтын горим алдагдсанаас зөгийн балны чанар мууддаг. Зөгийн бал нь цэц-гийн шүүс гэдгийг мартаж болохгүй. 0-ээс +18 градуст хадгалах учиртай. Хүмүүс хөргөгчинд хадгалаад байдаг нь буруу. Мөн ургамлын бүрдлээс хамааран балны өнгө өөр байдаг. Бал ганцхан хүрэн өнгөтэй гэж ойлгож болохгүй. Бал цагаан, шаргал, хар хүрэн ч байна.

-Бал зөгийн аж ахуйгаас шууд хэрэглэгчид хүрдэг үү?
-Эрэлт их байдагтай холбоотой хүмүүс манайхаас ирж авдаг. Хятадаас хуурамч бал орж ирдэг болохоор хүмүүс аж ахуйгаас нь шууд авах сонирхолтой байдаг.

-Зөгийн бал эрүүл мэндийн өндөр ашиг тустай гэдэг?
-Ямар өвчинд хэрэглэхээс шалтгаална. Дотор эрхтэн, шарх, түлэнхий, гоо сайханд ч хэрэглэнэ. Өглөө бүр бүлээн сүүтэй хамт уувал дархлаа сайжирдаг. Зөгийн амьдралд хамгийн чухал зүйлийг нь бид авдаг болохоор оронд нь өвлийн улиралд элсэн чихрийн уусмал өгдөг.

М.Хангал
Эх сурвалж: olloo.mn


read more ››

Wednesday, October 5, 2011

Биеэ хөдөлгөөд утсаа цэнэглэ

Байгалын энергийг хурааж авах хэд хэдэн арга бий. Нар, салхи, ус, байгалын хий, тэгээд бас хүний бие. Тиймээ бидний бие өөрөө энергийн эх үүсгүүр ба электрон төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой.

Оранж энд Готвинд хэмээх хөгжмийн компани сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа ба Данс Чарж буюу Бүжгийн цэнэглэгч зохион бүтээжээ. 180г жинтэй энэ төхөөрөмжийг гарандаа зүүхэд таны биеийн хөдөлгөөнөөр үүсэх кинетик энергийг ашиглан таны утсыг цэнэглэж чадна.

http://keyboardmonologues.blogspot.com/

read more ››
UA-46879708-1